ЯАХ ВЭ АРД ТҮМЭЭН? Өргөл өргөх гэж уул өгсөөд амьдаараа угаартаж суугаа улс түмнээ хараад уйлахгүй байж чадсангүй. (Өндрөөс харахаар бүр аймаар байдаг даа)
Зүгээр л нүдэн дээр минь улс үндэстэн минь устаж үгүй болж байгаа үнэн дүр зураг. 1,7 сая хүн буюу улсын чинь тэн хагас нь энэ утаан дунд үхэх нь үхээд, өвчлөх нь өвчлөөд, боломжтой хэд нь зугтаж зайлаад, үлдсэн хэд нь ам нь ангалзаад амь нь тэмцээд явж байна.
Хүн амьд явахад 1. Агаар 2. Ус 3. Хоол хүнс 4. Нойр гээд л амин цухал хэрэгцээг жагсаадаг даа. Амин, амин, амин чухал АГААР нь зүгээр л цэвэр хор болжээ.
Хор амьсгалсаар, хор нэвчүүлсээр, хор идсээр, хор уусаар биес минь элэгдэж, нас минь хорогдож байна.
Энэ ЭМГЭНЭЛ биш бол өөр яг юу эмгэнэл вэ? Хортой хоргүй хавдар, харвалт, хатгалгаа, ханиад томуу, зүрхний шигдээс, үр зулбалт, үргүйдэл, амьгүйдэл, элэг бөөр, тархи мэдрэлийн үрэвсэл гажигууд гээд бүр тоо тоймоо алдаж, хэрээс хэтэрсэн.
Улс орны болохгүй бүтэхгүй зүйлд иргэд биднээс хамааралтай буруу зөрүү зүйл бишгүй байдаг ч, утааны асуудал дээр бол төр засагтаа ҮНЭХЭЭР гомдож байнаа.
Яагаад, яасан гэж, яахлаараа бид ийм байгаа юм бэ? Бид зүгээр л хэрүүлээ хийж, хэгжүүрхэн тэмцэлдэж, хэнэггүй царайлж, хий бүлтгэнэсээр улс үндэстнээрээ үгүйрч хоосорч, үхэж үрэгдсээр дуусах тавилантай юм уу?
Утаанд байдаг хорт элементүүд, хүнд металууд хүний биед орсон бол устаж огт үгүй болдоггүй, цэвэрлэгээ детокс хийгээд ч арилдаггүй, улаан элэг, урсах цусанд чинь нэвчиж, эд эсэнд чинь шигдээд эргэж хэзээ ч гардаггүй. Тэгээд л өнөө хэлэхэд ч хэцүү муу муухай өвчин эмгэгүүд нь үүснэ. Баян тарган, эрх мэдэлтэй хүмүүс ч ялгаагүй хорддог, өвддөг байгаа шүү дээ, та минь ээ
Суудал бол тэсэхүй, нүүдэл бол оршихуй гэж монгол суу ухаан сургадаг. Сууж тэссээр байгаад сүүлдээ бүр тэсэж үлдэж, тэнцэж босох ч боломжгүй боллоо. Нүүдэл гэдэг үг өөрөө маш гүн гүнзгий утга агуулгатай. Нүүдэлчин язгууртай бид ч ингэж нэг дороо овоорч, түгжирч, гацаж, дээр дээрээсээ бааж шээж, өр шир, өвчин зовлонд нэрвэгдэж, хэрүүл уруул хир дагандаа баригдаж явах улс мөн билүү?
БИД нийгмээрээ хүн тус бүр бие, хэл, сэтгэлийн хувьсал хийж, оюун сэтгэхүй, онол баримтлал, үзэл ухамсар, үүрэг хариуцлагын түвшинд НҮҮДЭЛ хийх цаг болжээ. Нүүдэл суудал хийдэгсэн үү, нүүрс түлээгээ сайжруулдагсан уу, хулгай зэлгийгээ барьдагсан уу, хууль шүүхээ чангатгадагсан уу, ямар нэг алхам хийж, яг одоо л арга хэмжээ авахгүй бол улс эх орон чинь мөхлөө ТӨР минь.
GIPHY App Key not set. Please check settings