in

Ж.Баясгалан:Хүнтэй суухын өмнө хоёр жил нэг гэрт бүү ор Энэ хоёр жилийн хугацаанд хамт дуул, хамт согт, зугаац, шогт!

Гэр бүл хоорондын харилцаа, салалтаас хэрхэн сэргийлэх талаар Гэр бүл судлаач Ж. Баясгалантай ярилцлаа.

Сүүлийн үед гэр бүл салалт ихээр нэмэгдэх болсон гэж ярих боллоо. Ер нь гэр бүл салалтын үндсэн шалтгааныг та юу гэж харж байна вэ. Танд хандаж буй хүмүүс ямар төрлийн зөвлөгөөг авахаар ирдэг вэ?

Сүүлийн таван жил долоо хоногт дунджаар 5-10 гэр бүл эсвэл хувь хүн хандаж, зөвлөгөө авч байна. Зөвлөгөө авч буй хүмүүсийн 70 орчим хувь нь эмэгтэйчүүд байдаг.

Тэр дундаа гэр бүлээс гадуурх харилцаа, нөхрийнх нь анхаарал халамжгүй байдал, хү.чирхийллийн асуудлаас шалтгаалан зөвлөгөө авч байна.

Харин эрчүүдийн 30 хувь нь гэр бүлийн асуудал туйлдаа буюу салах хэмжээнд хүрсэн үедээ ирдэг. Гэр бүл салахад хүргэдэг үндсэн таван шалтгаан байдаг.

Үүнд, гэр бүлээс гадуурх харилцаа, архины хамааралтай асуудал, эдийн засгийн асуудал, боловсрол буюу зан чанарын ялгаатай байдал, гаднын харилцаа буюу аав, ээж болон бусад хүмүүс хөндлөнгөөс амьдралд нь нөлөөлөх зэрэг нийтлэг асуудлууд бий.

Гэр бүл гэдэг Монгол Улсын нэг хэсэг нэгж юм. Харамсалтай нь, манай улсад энэ тухай дорвитой анхаарсан хууль, бодлого маш ядмаг байна. Гэр бүлийн тухай хууль батлуулах гэж гурван парламент дараалан санал оруулах гэсэн боловч чадсангүй. Өнөөдөр Монгол Улсад 900 мянга гаруй гэр бүл амьдарч байна. Энэ хүмүүсийн хариуцлага, ёс зүйн эрх ашгийн асуудал нэг номерт байх ёстой. Гэтэл манайд дандаа хойно байх хандлага бий. Хууль нь чанга биш учраас хүмүүсийн сэтгэлгээ хэтэрхий чөлөөтэй байна. Хэн ч ямар ч хариуцлага хүлээхгүй учир ийм алхам хийж байгаа.

Гэр бүл болоход тохиромжтой нас гэж байдаг уу?

Дунджаар хүн 25 хүрсний дараа гэрлэхэд тохиромжтой байдаг. Учир нь, 25 нас хүртлээ хүний оюун бодол, шийдвэр гаргалт духны урд хэсэгт төвлөрдөг. Энэ нь аливаа зүйлийг бодитоор дүгнэх чадваргүй сэтгэл хөдлөлд автах хэсэг юм. Харин 25 наснаас хойш оюун бодол, шийдвэр гаргалт хүний дагзны хэсэгт төвлөрнө. Энэ хэсэгт юмыг бодитоор харах дүгнэх сэтгэлгээ төвлөрдөг. Тэгэхээр энэ насанд сонголтоо зөв хийх боломжтой.

Тэгвэл энэ насанд ханиа хэрхэн зөв сонгох хэрэгтэй вэ?

Манай салбарын анхдагч доктор Т.Намжил гуайн хэлснээр “Хүнтэй суухын өмнө хоёр жил нэг гэрт бүү ор. Энэ хоёр жилийн хугацаанд хамт дуул, хамт сог.т, зугаац, шогт. Тухайн хүн ийм нөхцөлд ямар зан чанар гаргаж байна тэр бүх зүйлийг судал” гэж хэлсэн байдаг. Энэ өөрөө шинжлэх ухааны үндэслэлтэй. Залуу хосуудын эхний таван жил хүнд өнгөрдөг. Эхний 1-2 жил романтик байх боловч хоёр ондоо орчинд өссөн, өөр соёл, боловсролтой хүмүүс бие биетэйгээ зохицохын тулд маш урт хугацааг өнгөрүүлдэг. Учир нь, хүний тархин дахь сэтгэл хөдлөлөөр 1-2 жил эсрэг хүйстэндээ хүчтэй дурладаг. Сэтгэл хөдлөлдөө автсан байх тул эсрэг хүнээ бодитоор үнэлж, дүгнэж ямар зан чанартай гэдгийг шууд утгаар харах чадваргүй болсон байдаг. Иймд “Хоёр жилийн турш нэг гэрт бүү ор” гэдэг нь сэтгэл хөдлөл буюу эсрэг хүйстэндээ татагдах мэдрэмжээ багасгаж тархинд дахь сэтгэл хөдлөл бодит тогтвортой болих үед илүү шийдвэр гаргах нь зөв юм.

Харин ханиа сонгохдоо олон зүйлд анхаарах хэрэгтэй. Жишээлбэл, хүн эхлээд өөрөө өөрийгөө шинжих хэрэгтэй. Та өөрөө ямар хэв шинжтэй вэ, сэтгэл зүйтэй хүн бэ. Үүний дараа тухайн хүн танд тохирох эсэх. Модноосоо унасан жимс нэг их хол унадаггүй. Үүний нэгэн адил гэр бүлийн соёл, өссөн орчинг нь мөн адил судлан, анхаарах хэрэгтэй. Охид нөхрөө сонгохдоо аав, эцэг хүнээр төлөөлүүлж харах нь зөв. Ямар ч хүн өөрийн өссөн орчин, гэр бүлийн соёл, хандлагыг авсан байдаг.

Хайр хөрөх гэж байдаг уу. Энэ нь юунаас болдог вэ?

Хайрыг өдөөж, услахаа болих гэж байдаг. Хайр цэцэгтэй нэгэн адил. Услах тусам илүү гоё, сайхан болж ургадаг. Гол нь усалгаа арчилгаа дутуу байна гэсэн үг. Хайр өөрөө хөрдөг зүйл биш. Жишээ нь ус гэдэг шингэн чанараа алддаггүй. Гэхдээ халуун хүйтэн байлгах эсэхийг бид шийднэ. Хайр бол мөн чанар юм. Бие биедээ хайртай байвч, үүнийгээ халуун, дулаан байлгахаа больсон байдаг. Тэгэхээр үүнийг үргэлж халуун, дулаан байлгаж, бие биенийхээ хэрэгцээнд анхаарах хэрэгтэй. Жишээ нь эмэгтэй хүн анхаарал халамжид дуртай бол эрэгтэй хүн хүндлэл, шийдвэр гаргалтыг нь үнэлж, хүндлэх хэрэгтэй байдаг. Ингэж байж гэр бүл бат бөх байх болно.

Гэр бүлээ бат бөх байлгахад юу хамгийн чухал вэ. Манай уншигчдад энэ тал дээр зөвлөгөө өгнө үү?

Гэрлэлтээ бат, бөх, аз жаргалтай байлгахад дараах зүйлсэд анхаарах хэрэгтэй.

1. Жаргалтай байхын тулд хариуцлагатай байх хэрэгтэй. Хариуцлага гэдэг үр хүүхдэдээ зөв үлгэрлэн, өсгөн хүмүүжүүлэх мөн бие биендээ үнэнч байх явдал юм шүү дээ.

2. Гэр бүлд хайраас дутахааргүй гол үүрэг гүйцэтгэх зүйл нь бие биендээ итгэх итгэл юм. Манай залуус хайр л байвал болдог хорвоо гэж ярьдаг. Гэтэл хайртай байлаа гээд бие биедээ итгэх итгэлгүй бол юу болох вэ. Үл итгэлцлээс болж хардалт үүснэ, бие биенээ хэмлэдэг юм. Дахин хэлэхэд, хайраас дутахааргүй үүрэг гүйцэтгэх зүйл бол бие биендээ итгэх итгэл. Хайртай бол бие биендээ итгэдэг байгаарай.

3. Гэр бүл тэсвэр тэвчээр шаардана. Асуудалгүй гэр бүл гэж байдаггүй. Гэрлэлтэд маш олон асуудал, бэрхшээл тулгардаг. Энэ бүх зүйлийг бид тэсвэр тэвчээр гэх зүйлээр даван туулах хэрэгтэй. Нэг асуудлын цаана дахиад л өөр нэг асуудал гарч ирнэ. Гэр бүлд асуудал, бэрхшээл бол дуусашгүй. Харин үүнийг хэрхэн зөв даван туулах вэ гэдгээс гэр бүлийн аз жаргалтай байдал тодорхой болно.

4. Хайр. Дуугардаггүй хонхыг хонх биш, дуулаагүй дууг дуу биш, илэрхийлээгүй хайрыг хайр биш гэнэ. Тэгэхээр хайр гэдэг зүйл өөрөө нууцлаг, далд дотроо хадгалаад явдаг зүйл биш юм. Бид төдий чинээгээр хайраа илэрхийлж, хоорондын харилцаанд гаргаж байх ёстой. Энэ нь өөрөө гэрлэлтийг бат бөх болгоно. Олон эмэгтэйтэй харилцаа тогтоож чадсан тэр хүн чадалтай, мундаг эр хүн биш. Харин нэг эмэгтэйг аз жаргалтай байлгаж, зөвхөн нэг л эмэгтэйд аз жаргал гэдгийг мэдрүүлж чадсан тэр л хүнийг жинхэнэ эр хүн гэнэ. Эрэгтэй хүн бие махбодын хэрэгцээгээ удирдаж, цэгнэдэг байна аа гэдэг өөрөө жинхэнэ эр хүний мөн чанар юм шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Лектор Чила: Жаахан санах юмаа. Хүүхэд л юм чинь дээ. Үүү дада. Та байхад юугаар дутах билээ!

Ядуу ч гэсэн ээжийнхээ өвөр дээр байгаа хүүхэд хамгийн баян хүн байдаг!