in

Д.Чойжамц: Битүүний өдөр гурван зүйлийг анхаарах хэрэгтэй!

Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц Монголын ард түмэн, сүсэгтэн олонд зориулж сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.

Ингээд түүний илтгэлээс онцлох эшлэлийг хүргэж байна.

Монголын ард түмэн бичин жилийг өнтэй сайхан давж байна. Зуд турхан багатай жил боллоо.

Цагаан сар бол Монголын үндэсний том баярын нэг.

Цагаан сар, Үндэсний их баяр наадам бол монголчуудын хэн бэ гэдгээ мэдрэх үндэсний том баяр юм.

1990 оноос хойш эрх чөлөөгөө баталгаажуулж, бие, хэл, сэтгэл гурвын эрх чөлөө төгөлдөр болсон. Үндэсний баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэгдэх нь ард түмэн сэргэж байгааг давхар илтгэдэг. Зарим улс Цагаан сараар шинэ жилийнхээ эхний өдрийг тэмдэглэдэг бол Монголчууд хуучин оныхоо сүүлийн өдөр, шинэ жилийн эхний өдөр хоёрыг хамгийн их баяр баясгалантайгаар тэмдэглэдэг.

Монголчууд аливаа зүйлийг төгс төгөлдөр бүтээх эртний мэргэдийн сургаалийг дагадаг ард түмэн. Жилийн хамгийн сүүлийн өдөр буюу битүүний өдрийг тэмдэглэж, нарыг төгсгөж байгаа бэлгэдлийг хийдэг.

Битүүний өдөр гурван зүйлийг хичээх хэрэгтэй. Нэгд, биеэ хичээх хэрэгтэй. Дээл хувцсаа засварлаж, айлд орохдоо дээлээ зассан, малгайгаа зөв төвшинд тавьсан байдалтай айлд битүүлэхээр орно. Хоёрт, хэлээрээ сайн сайхан зүйлийн бэлгэдлийн утгатай үгийг айлд орохдоо хэлдэг. Уужуу, тайван бай. Бие хэл хоёрын хооронд сэтгэл байдаг. Бие, хэл, сэтгэл 3-ын ариун, цэвэр байдлаар хуучин оноо үдэж байгаа юм.

Сэтгэлийн бэлгэдэл болгож хөөрөглөдөг. Хөөрөг бол хүндэтгэлийн илэрхийлэл. Хөөрөгнийхөө амсарыг бага зэрэг суллалаад тамхилах хэрэгтэй. Суллаж байгаа нь “би энгийнээрээ сайхан амьдарч байгаа, надад жаргал зовлонгийн тал дээр бэргэх зүйл байхгүй” гэдгийг илэрхийлдэг. Хөөрөг авч байгаа хүн яриагаа үргэлжлүүлж, аж амьдралын аливаа нэгэн зүйлийг ярилцаж болно. Хөөрөгний амсарыг жаахан чангалаад өгчихвөл тухайн айлд гунигтай үйл явдал тохиосныг илтгэдэг. Тиймээс хөөрөгний эзэн яриагаа цэгнэж, аажуу тайван байдалд ордог. Сайхан сэтгэл, эвцлийн бэлгэдэл болгож хөөргөөр тамхилдаг.

Битүүний өдөр хөөргөдөг ёс нь Өндөр гэгээний үеэс бэлгэдэлтэй. Өндөр гэгээн эвцэж өгөхгүй дайн байлдаан, яриа таарахгүй үед хөөрөглөж, тамхилаж бай гэсэн утгатай үг хэлсэн байдаг. Тэр үеэс л хөөрөгний ёс журам дэлгэрч, монголчууд хоорондоо эвцсэн байдаг. Тиймээс хэн нэгэнтэй түнжин эвдэрсэн, сэтгэл санаанд юм хийсэн зүйлээ шинэ ондоо авч орохгүй гэж битүүний өдөр хөөрөглөдөг. Шинэ жилд орохдоо “сэтгэлийн ямар нэгэн хиргүй боллоо шүү” гэсэн эвцэл найрамдлын бэлгэдэл болсон уламжлал юм.

Битүүний өдөр монгол түмэн таван зүйлийн идээгээр зочноо дайлдаг номтой. Гэрээ цэвэрлэж, идээ будаагаа сайхан засна гэдэг тухайн зочны харах мэдрэхүйд барьж буй бэлэг. Нүдээр харж буй зүйл эвсэг найрсаг, дизайн сайтай байх юм бол сэтгэлд нь бүлээн дулаан хайрлаж байна. Удаах нь чихэнд өргөх өргөл. Бэлэг дэмбэрэлтэй үг яриа хэлэлцэж, дуу хуур эгшиглэх нь сонорт өргөж буй бэлэг юм. Аманд нь сайхан амт өргөдөг. Айлд ороод идээнд хүрэхдээ амьтны амь ороогүй цагаан зүйлээс эхэлж хүртдэг. Дараагийнх нь хамарт өргөж буй үнэр. Сайхан үнэрт ямар ч хүний сэтгэл баясдаг.

Хүртэхүйн өргөл бол хадаг. Сайхан зөөлөн эд биед хүрэхүйд сайхан байдаг. Энэ ёсоор зочин гийчнээ хүндэтгэн дайлдаг онцлогтой. Айлд бие, хэл, сэтгэл гурваа тэгшилж орж гэмээнэ тухайн айлд өлзий хутаг оршоодог. Орон хийд, айл бүр Лхам бурхан тахидаг. Лхам бурханд дараагийн жилээ даатган мөргөдөг. Тотгон дээрээ гурван мөс тавьдаг. Лхам бурхан сүсэгтэн болгоныг даадаг бурхан.

Шинийн 1-нд өглөө эртлэн босдог. Хамгийн ахмадаасаа хүндэтгэн золгож эхэлдэг. Амар мэндээ зөв мэндлэхээс эхлээд жаяг ёс их. Эв нэгдлийн баяр. Шинэ цагт Цагаан сарын утга бэлгэдэл улам өргөжиж байна. Уламжлалт баярын бас нэг сайн тал ирээдүйн элдэв барцдаас гэтэлгэж байгаа хэрэг юм. Ахас ихсээ хүндэтгэх сайхан ёсолгооноос гадна ахан дүүсээ таних их баяр юм.

Баяр ёслол хэм хэмжээтэй байдгаас шинийн 3-ны өдөртөө идээ будаагаа хураадаг онцлогтой. Шашин номын үйл шинийн 15 хүртэл үргэлжилдэг. Ард иргэдийнхээ засал номыг 15 хоногийн турш хийдэг онцлогтой. Хүнд хамгийн эрхэм зүйл бол урт нас. Ганцхан өөрөө биш гэр бүл, ард түмнээрээ урт наслах хэрэгтэй. Хэчнээн баялаг эд хөрөнгө, мөнгө төгрөг байгаад үхчих юм бол ямар ч хэрэг байхгүй. Түүний дээр урт наслаад бүх юм сайхан болдог уу гэвэл бас үгүй. Өвдөж хавдаад байвал яагаад ч жаргалтай сайхан байхгүй. Тиймээс өвчингүй байхын төлөө хичээх ёстой юм.

Өвөг дээдэс маань байгаль дэлхийгээ цэвэр ариун байлгах гэж хичээж улайж ирсэн билээ. Бидэнд цэвэр ариунаар бидэнд өвлүүлсэн болохоор цаашид ариун байлгах талыг бид бодох хэрэгтэй. Байгаль дэлхий сав ертөнц ариун байж бид өвчингүй эрүүл, урт удаан наслах учиртай юм.

Хүн өөрийнхөө хэрэгцээ шаардлагыг хангахуйц эдийн засаг,хөрөнгө мөнгөтэй байхгүй бол бусдыгаа татах гээд байдаг. Хангалттай хэмжээний эд тавааргүйгээс өлсөх, өвчих тусах, насаа богиносгох тэргүүтэй аюул бий. Зөв сайхан амьдрахад хүрэхүйц эд таваар заавал шаардлагатай болдог. Барцад гэдэг нь амьдралын зохисгүй шалтгаанууд ордог. Болгоомжгүйгээс болж аваар осолд орох, хэрүүл, хараалд өртөх зэргийг хэлж байгаа юм. Таны хүрээлэн байгаа гэр бүл болоод өөртөө тань хариуцаж буй хүмүүс ямархуу хандаж байгаа нь таныг тодорхойлдог гэдгийг сана.

Муу үг хэлэхээр муу үг л ирдэг. Тиймээс гэр бүл, хань ижил, үр хүүхдүүддээ сайхан үг хэлж эвцэж зохицож байгаарай гэж захья. Сайхан үг, үйлдэл бүр гэр бүлд халуун дулаан уур амьсгал авчирдаг. Тиймээс ч бурхан багш хамгийн түрүүн өөр рүүгээ хар гэж бидэнд айлдсан байдаг. Өөрийгөө зассанаар гадна талын харьцаж байгаа араншин засардаг. Тиймээс зохисгүй шалтгааныг хаяж, барцадгүй мэнд суугаарай ард түмэн минь.

Монголын ард түмэн, сүсэгтэн олон та бүхэндээ сав, шим ертөнцдөө урт настай, удаан жаргалтай, өвчин зовлонгүй, барцадгүй мэнд сууж, эд таваар элбэг дэлбэг, үр хүүхэд өнөр өтгөн сайн сайхан байхыг ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

O.Сoдбилэг, Э.Туул нaр дэлхийн хaмгийн aз жaргaлтaй Бутaн улсaд aмьдaрч бaйгaaгaa ингэж тaйлбaрлaв!

Ихэр мэт ижилхэн төрхтэй нийтийн дуучин бүсгүйчүүд!