Хонгконгийн топ модел, инфлюнсер Эбби Чойгийн өөд болсон хэрэг өнгөрсөн баасан гарагт
/2023.02.24/ ил болсноос хойш олон улсын хэвлэлүүдийн анхаарлын төвд байна. Хонгконгийн цагдаа нар өнгөрсөн мягмар гарагт
/2023.02.21/ түүнийг сураггүй алга болсон гэж мэдээлснээс хэд хоногийн дараа Тай По дүүрэг дэх
гурван давхар байшин доторх шөлний сав, хөргөгчнөөс түүний эд эрхтэнг олсон гэж мэдээлсэн юм.
Талийгаач моделийн хуучин нөхрийн гэр бүлийн таван хүнийг эл хэрэгт холбогдуулан баривчлаад байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Энэхүү аймшигт мэдээ гарсны дараа олон хүн түүний инстаграм хаягийг дагаж, эмгэнэл илэрхийлжээ.
Эбби Чойгийн карьер
28 настай Эбби Чой Тин Фунг загварын од, инфлюнсер гэдгээр нь олон хүн мэднэ. Хонгконг төдийгүй дэлхий даяар шүтэн бишрэгчтэй тэрээр загварын салбарын хамгийн эрэлттэй нөлөөлөгчдийн нэг байжээ. Эбби Чой нь Парисын нэр хүндтэй загварын долоо хоногийн байнгын оролцогч байсан бөгөөд “Elle”, “Harper’s Bazaar”, “Vogue” зэрэг хэд хэдэн сэтгүүлийн коверыг чимж байсан. Нас барахаасаа хоёр долоо хоногийн өмнө шахуу Чой загварын “L’Officiel Monaco” сэтгүүлийн нүүрийг чимжээ.
Өв залгамжлагч
Эбби Чой нь Хятадад барилгын бизнес эрхэлдэг чинээлэг гэр бүлээс гаралтай. Сингапурын “The Straits Times” сонинд мэдээлснээр Хонгконгийн уугуул иргэн тэрээр 100 сая хонгконг доллар буюу 17.2 сая сингапур долларын хөрөнгөтэй байжээ.
Дөрвөн хүүхдийн ээж
Чой 18 настайдаа анхны нөхөр Алекс Квонг Конг Читэй гэрлэж, хоёр хүүхэдтэй болжээ. Хосууд нэг хүү, нэг охинтой байсан бөгөөд одоо 10 болон найман настай. Хосууд хожим нь салсан.
2016 оны арванхоёрдугаар сард Чой одоогийн хамтрагч Там Чук Квантайгаа гэрлэх ёслол хийсэн боловч гэрлэлтээ бүртгүүлээгүй. Тэд хоёр хүүхэдтэй. Тамын аав нь эх газрын Хятадад үйл ажиллагаа явуулдаг гоймонгийн сүлжээ ресторан ТамЖай Юннан Миксяныг үүсгэн байгуулагч юм.
ХЭНИЙГ баривчилж, яллагдагчаар татсан бэ
Түүний хуучин нөхөр 28 настай Алекс Квонг, том ах 31 настай Энтони болон тэдний эцэг 65 настай Квонг Кау, 63 настай ээж Женни Ли нарыг яллагдагчаар татаад байгаа аж.
Дөрвөн сэжигтнийг батлан даалтад гаргахаас татгалзаж, хэргийн шүүх хурлыг гуравдугаар 8-ны өдөр хүртэл хойшлуулжээ. Өөр нэг сэжигтэн болох 47 настай эмэгтэйг Квон Каугийн амраг гэж баривчилсан байна. Энэ эмэгтэйг Квонг Кауд Тай По дахь байшинг түрээслүүлэхэд тусалсан гэж буруутгаж байгаа ч аллагын талаар мэдсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Эх сурвалж: Todayonline.com
GIPHY App Key not set. Please check settings