Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл өгдөг саяхны нэгэн нэвтрүүлгээр эмэгтэй хүний бэлгэ эрхтний талаар ярьсан нь олны анхаарлыг татаад зогсохгүй, шүүмжлэлийг дагуулав. Тодруулбал, хөтлөгч эмч “Гадна бэлгэ эрхтний уруул нь гаднын нөлөөтэй буюу гар хангалга их хийснээс үүдэн томордог” хэмээсэн юм.
Бид энэ талаар “Аминмаргад” эмэгтэйчүүдийн эмнэлгийн захирал, клиникийн профессор, их эмч П.Алтангэрэлээс тодруулахад эмэгтэй хүний биеийн онцлог харилцан адилгүй байдаг шиг гадна бэлгэ эрхтний хэлбэр, хэмжээ ч мөн өөр өөр байдаг талаар ярилаа.
Эмэгтэй хүний гадна бэлгэ эрхтэний уруул нь гаднын нөлөөтэй өөрчлөгдөж, хэлбэр дүрс нь тогтдог уу?
Үгүй. Энэ бол тухайн хүний цэвэр гений шинж чанартай холбоотой. Зарим эмэгтэй хүний бэлгийн уруул том, заримынх нь жижиг байдаг. Түүнээс биш гаднын нөлөөгөөр буюу түүнийг оролдож, эсвэл гар хангалга хийгээд байхаар өөрчлөгддөг зүйл биш. Тухайн эмэгтэйн төрөлхийн генийн кодоор өгөгдсөн зүйл гэсэн үг. Тиймээс эмэгтэй хүн бүрийнх харилцан адилгүй байдаг.
Бэлгийн уруулын хэлбэр хэмжээг мэсийн аргаар өөрчлөх нь хэр оновчтой шийдэл вэ?
Бэлгийн уруул нь хэт том бүсгүйчүүд дотуур хувцсандаа үрэгдээд зовиуртай байгаа талаараа заримдаа хэлдэг. Түүнийг нь засаж, багасгаад аятайхан болгож болдог. Гэхдээ хүний эд эрхтэн бүр өөрийн гэсэн үүрэгтэй байдгийн адилаар бэлгийн уруул ч мөн үтрээ рүү бохирдол орохоос хамгаалсан байдаг. Тиймээс үүнийг багасгавал эмзэг болох, гаднаас орох бохирдолд хариу хамгаалалтгүй болох зэрэг тодорхой хэмжээгээр сөрөг үр дагавартай л гэсэн үг. Мөн тэнд мэдрэлийн судсууд бий, түүнийг нь тасдана. Тэгэхээр мэдрэмжийн хувьд сөрөг үр дагавар гарч болно.
Мэдээлэл өгсөнд баярлалаа.
GIPHY App Key not set. Please check settings