in

Залхуу эмэгтэй гэж байхгүй. Харин ачаалал нь хэтэрчихсэн, Хичээж буй эмэгтэй л гэж бий!

Анх нөхөртэйгөө суусны дараа хачин ажилтай эзэгтэй байлаа. Тавилга энэ тэр бараг байхгүй ээ. Илүү дутуу юмгүй гэрээ дор нь цэвэрлэчихнэ.

Буулгаад бужигнуулаад байх олон хүүхэд байх биш. Тэр үед ажилд ороогүй байсан юмдаг.

Өдөржингөө л хэдэн тавилгаа нааш цааш нь зөөж өөрчлөөд, нөхрийгөө орой ирэхэд л цоо шинэ гэр угтана.

Дээрээс нь өдөржин ямар гоё жороор, ямар сайхан хоол хийх вэ? гэж бодно. Талх, нарийн боов, тортыг өдөр бүр туршиж хийнэ.

Нөхрийгөө ирэхэд ер нь цэвэрхэн гэртэй, халуун хоолтой, амттай десэрттэй, хачин сайхан зантай амьтан л угтана.

За бараг нүүрээ будчихсан байдаг байсан байх шүү 😆😆😆.

Харин одоо гурван хүүхдийн дараа нүд нээгээд л ажил ундарна. Эхнээс нь хичээлд нь явуулах, хүргэх ажил, нялхыгаа хуурайлж, идүүлж, унтуулна. Өдрийнхөө хоолыг гялс мялс амжуулна. Оройхон хүүхдүүдээ хичээл сургуулиас нь авна. Орж ирээд гар хөлийг нь угаалгаад оройн хоолыг нь бэлдэнэ. Нэг бүрчлэн идүүлж дуусаад гэрийн даалгаварын ажилд орно. Өө нэрээ том нь Таеквондо, дундах нь төгөлдөр хуурандаа явна. Бас аль алиных нь сэтгэлийн үг, гомдол, баярыг нь хүлээцтэй сонсож ярилцана.

За юу билээ тэрээ энээ гэж байтал нэг мэдэхэд унтах цаг нь өнгөрчихсөн байна. Нялхыгаа унтуулахын хажуугаар нөгөө хоёрыгоо унтаарай гэж гуйна. Шүүдээ угаах, угаахгүй дээр дайн болно. Арай гэж гурвууланг нь дарж авна. Ингээд эргээд харахад дайн болчихсон мэт гэр, өрөөстэй аяга таваг угтана. Өөрөө ч хоол ундаа идэхээ мартсан байна.

Тоглоомноосоо эхлээд л цэгцэлэнэ. Ингэх үедээ гэнэт уур хүрнэ. Яасан их юм аа завааруулдаг юм бэ гээд л үглээд, тэгээд ядралт, стресс хоёр нэгдээд яг дэлбэрэх гээд зогсож байхад нөхөр орж ирнэ. Байхгүй ээ. Үс гэзэг арзайчихсан, хэрэв хөхүүл бол нэг мөөм энэ тэр нь гарчихсан ааштай хүн угтана 😆😆😆. Нөгөө амттай хоол энэ тэр байхгүй ээ. Ямар ч гэсэн нэгэн хоол хутгасан байдаг юм.

Бодит амьдрал ихэнхи өдөр ийм л байдаг. Үүнийг би яагаад бичээд байна вэ гэхээр эмэгтэйчүүдийг арчаатай, арчаагүй, ажилсаг, залхуугаар нь их ярьдаг болж. Тэр аяандаа эмэгтэйчүүд хоорондоо. Миний бодлоор ЗАЛХУУ ЭМЭГТЭЙ ГЭЖ БАЙДАГГҮЙ. Харин АЧААЛАЛ нь ХЭТЭРСЭН эмэгтэй байдаг л гэж боддог. Нуруун дээр нь хэтэрхий их ачаа ирчихсэн учраас аль алийг нь амжуулах гэсээр дунд нь самгардаж, стрессдэж, яахаа мэдэхгүй болсон тэр л хүн. Гэхдээ гол нь тэд чадахгүй гэж суудаггүй, ХИЧЭЭДЭГ. Болгочихоё гээд урагшилдаг.. Гэхдээ дунд нь өөрөө маш их ядарч, бас бусдын амны бай болдог.

Тэдний нуруун дээр ээж байх, эхнэр байх, ажилтан байх гээд бүх үүрэг зэрэг тохогдоод тэд ядарсан байдаг. Энэ үедээ мөн сэтгэлзүйн хувьд маш хүнд байдалд байдаг. Өөрийнхөө байхыг хүсч байгаа хэмжээндээ хүрэхгүй байгаа учраас.

Тийм учраас бусад эмэгтэйчүүд шиг амжуулдаг лаг байхыг бус өөрийнхөө хэм хэмжээнд тааруулж өөрийгөө ачааллуулж сурах хэрэгтэй юм байна лээ. Өдөрт хэдэн төрлийн юу амжуулж чадах вэ, хэд миний хязгаар вэ гэдгээ мэддэг байгаарай.

Нөхрүүд маань ч гэсэн “манай эхнэр ааштай болсон, анх суухдаа аймар ажилтай байсан, гоё хоол дандаа хийдэг байсан, биеэ гоё авч явдаг байсан” гэж ярихаасаа өмнө түүний анх суухдаа авч байсан ачаалал болоод яг өнөөдрийн авч буй ачааллын хооронд ямар ялгаа байна вэ гэдгийг хараад үзээрэй. Хариулт нь тэнд л байгаа. Тэгээд тэр ачааллаас хуваалцаарай. Мэдээж нөхөр хүн, аав хүн үр хүүхэд гэр бүлийнхээ төлөө гадаа гандаж, хөдөө хөхөрч яваа нь үнэн. Гэхдээ гэрийн дотор болж буй ажлуудад харилцан бие биеэ дэмжин оролцох нь хайраа илэрхийлж буй, эхнэрээ хүндэлж буй нэг хэлбэр юм шүү.

Хайр нь дуусаад эсвэл, нас яваад эхнэр тань анхаарал халамжгүй болоод өөртөө бас анхаарал тавихаа больчихсон зүйл биш юм шүү. Зүгээр л үнэхээр урдах ачааллаа дийлж гарч ирж чадахгүй байгаа юм аа. Сэтгэл нь бол анхны хайр цаашаа хэвээрээ байгаа жүү. 😍😍😍

Хамтдаа л бүтээдэг амьдрал юм чинь гэрийн ажлыг ажил биш, хүүхдээ өсгөхийг эмэгтэйн ажил гэж харалгүй хамтдаа ачааллаа хуваалцаад өргөвөл, үнэхээр ХӨНГӨХӨН байх болно. Ингэж чадвал хамтдаа аз жаргалтай, удаан амьдрах боломжтой болох байхаа. 😍

Дахин хэлье. ЗАЛХУУ ЭМЭГТЭЙ ГЭЖ БАЙХГҮЙ. ХАРИН АЧААЛАЛ НЬ ХЭТЭРЧИХСЭН, ХИЧЭЭЖ БУЙ ЭМЭГТЭЙ л гэж бий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Энэ аргыг сурсан байхад та хэтэвчиндээ үргэлж мөнгөтэй байх болно!

Д.Цэцэг: СОЁЛЧ ахуйд амьдарцгааж байгаагаа жоохон ч болов хэн бүхэн ухамсарлаж байгаасай!