Ногоон дарь эх༼ ཨོཾ་ཏཱ་རེ་ཏུཏྟཱ་རེ་ཏུ་རེ་སྭཱ་ཧཱ། ༽Ум дари дүддарэ дүрэ сухаТөвдөөр: ДолмаСанскритаар: ТараАнглиар: Green taraМонголоор: Гэтэлгэгч эх Ногоон дарь эх буюу Гэтэлгэгч ногоон эх. Түвд нэр нь Должан, самгарди нэр нь Шяматара болой. Амьтан бүгдийг зовлонгоос гэтэлгэдэг учир тийн нэрлэжээ.
Нигуур царай нь намар цагийн тунгалаг саран мэт дугариг дэлгэр, бадамлянхуа цэцэг дэлбээгээ нээсэн мэт үзэсгэлэнтэй, маргад мэт өнгөтэй, энэрлийн мишээлтэй, хос мэлмийн сормуус урт, мэлмийн хар цагааны хувьд үл нийлэлдсэн, амарлингуй төгс байдалтай, шавь сэлт болон хамаг амьтныг үл орхих, үргэлж тусыг болгоох уужим харцтай, агшингийн гялбаа мэт мэдэгдэхүүнийг нэгэн агшинд болгоох чадалтай, нүдний эрхэс нь цагаан бөгөөд гэрэл лугаа төгс, уруул хийгээд гар, хөлийн алга ул нь улаан туяа төгс тэргүүний үс хар зөөлөн шанхалж хагас боосны дотор Одбагмэд бурхан заларч байдаг. Арван найман насны идрийн цог төгс, баруун өвдөг дээрээ гарын алгыг дээш харуулсан дээдийн өгөгч мутарлагатай. Энэ нь авал орхил дор мэргэн шавь нугуудыг бурхны газарт зорчихыг дуудаж буй, зүүн мутар нь авралын орон чухаг дээд гурвыг бэлгэдсэн, эрхий ба ядам хурууг учруулж бусад хуруунуудыг дээш босгосон нь авралыг өгөхийн мутарлага болно.
Арслан мэт омгийн аюул, заан мэт мунхагийн аюул, гал мэт уурын аюул, могой мэт атаагийн аюул, хулгайч мэт муу үзлийн аюул, чөдөр мэт хармын аюул, ус мэт хүсэл тачаалын аюул, биш мэт эргэлзэж тээнэгэлзэхийн аюулаас аварч чадна гэдгийг бэлгэддэг. Мутарт барьсан хөх удвал цэцгийн бэлгэдэл нь огторгуй чацуут амьтан нугуудыг орчлонгийн амгалангаар үл барам бурхны хутагт хүргэмой хэмээхийн хичээлийг үүсгэхийн сануулга юм. Биеийн дээд хэсэг солонгон хувцсыг нөмөргөсөн, баруунаа жийсэн, зүүнээ хагас хумьсан завилгаагаар оршдог нь номын хүрдийг эргүүлж байгаад баяссан шавь нарын сэтгэлийн гадна дотно дайсны омгийн чуулган бүгдийн машид даран зохиож буй болой. Тэргүүнийх нь их эрдэнийн чимэг нь шинийн нэгний сараар оройгоо чимсэн, тэдгээр нь тэнгэр хүмүүний чимгээс гайхамшигтай, ялгамжаатай. Хүзүүний чимэг тэргүүтэн бусад унжлага чимэгтэй. Эдгээр бүх чимгээс зовлонг арилгагч цагаан гэрэл машид бадарч байдаг. Мөр тэгш дэлгэр, бэлхүүс нарийн бөгөөд түүнээс доошид сэрэмжгүй явдал, ичгүүр сонжуур тэргүүтнийг хаасныг бэлгэдэн хормогчоор их эрдэнийн чимэг сэлттэй бүс бүсэлсэн, ертөнцийн тэнгэр лусын хаан тэргүүтний хамгийн сэтгэлд зохистой эхнэрүүд ч гэсэн дээрхийн биений намба төрхтэй тэнцэлдэж үл чадах гоо үзэсгэлэнтэй.
Өнгөрсөн, одоо, ирээдүйд залрах бурхан бүгдийн үйлсийн эрдэм нь гэтэлгэгч ногоон эхийн дүрсэнд ургасан байдаг. Дарь эхийн лагшинг нэгэн үзүүрт сэтгэлээр санан дурдваас цаг бусын үхэл хийгээд гадна, дотны аюулаас аварч чадна. Хутагт Жанрайсэг бээр хэдий чинээ байгаа амьтан бүгдийг орчлонгоос гаргана хэмээгээд амьтны тусыг хэмжээлшгүй бүтээсэн ч орчлонгийн амьтан дундраагүйд уйсан шантарч мэлмийн нулимс унагасанд тэр нулимснаас нь бадамлянхуа цэцэг дэлбээгээ нээж Гэтэлгэгч эх бээр мэндэлсэн ёсыг үзүүлжээ. Тэрбээр амьтны тусыг би үйлдье. Хорлол бүгдээс авран хамгаалъя. Намайг сэтгэлдээ аргадсан амьтан тэдгээрийг ханьцашгүй бодид магадтай байгуулж үйлдье хэмээн зарлигдаад итгэлт Жанрайсэгийн үйлсийг зохиохын нугуудыг таалсан байдаг. Гэтэлгэгч ногоон эхийн лагшин, зарлиг, тааллын эрдмийг санахын үүднээс машид сүсэг бишрэлээр шүтвээс, шүтсэн цагаас аваад бодийн хутгийг олох хүртэл аврал итгэл өмөг садан минь болсугай хэмээн нэгэн үзүүрт сэтгэлээр соёрхлыг талбин магтаж, тарнийг тоолбоос юу хүссэн бүхэн биелэнэ гэдэг. Өөрийн үндсэн дэх эрдэм бүгдийг дээш дээш арвитган дэлгэрүүлнэ. Гай барцад, нүгэл хилэнц арилж, нас буян арвидна, билиг ухаан төгөлдөржиж, эд баялаг бэлгэлнэ, бусдын тусыг бүтээнэ өлзий бусын шалтгаан бүгдийг арилгадаг номтой.
Дарь эх нь сансрын (амьдралын) хүрдний бүхий л гаслан зовлонгоос Гэтэлгэгч эх юм. Гурван цагийн бурхдын үйлсийг тэтгэгч эх. Аливаа буянтай ажил үйлсийг үтэр түргэн тэтгэн бүтээж, хүүхэд хүссэнд хүүхдийн заяа хайрлаж, эд хүссэнд эд баялаг хайрлаж, муу ёрын зүүд хэрүүл тэмцлийг арилгана.
УМ༽ Бурхны ариун лагшин, зарлиг, тааллын хэмжээлшгүй их эрдмийг илэрхийлнэ.ДАРИ༽ Хутагтын дөрвөн үнэний эхнийх нь болох Сансрын хүрдний зовлонгоос Гэтэлгэгч эх
ДҮДДАРЭ༽ Хутагтын дөрвөн үнэний хоёр дахь болох Зовлонгийн үнэн шалтгаан үйлийн үр хийгээд муу сэтгэлээс Гэтэлгэгч эх ДҮРЭ༽ Доод төрөлхтөний зорихуйн орон болох сайн төрөл авах, дунд төрөлхтөний зорихуйн орон болох өөрөө өөрийгөө орчлонгоос гэтлэхүйн нирваан, дээд төрөлхтөний зоригдолын орон болох төгс гэгээрэл гэсэн гурван төрөлхтөний бүх л орныг олох үйлсийг бүтээнэ.Эдгээр үйлсэд мөн энэ насны ажил үйлс, найз нөхөд хийгээд номыг ёсчилон сэтгэлдээ үйлдэх таатай нөхцөл бүгд багтана.СУХА༽ Ум дари дүддарэ дүрэ суха тарнид багтах Дарь эхийн адистэд нь бидний зүрхэнд гэгээрлийн уг шалтгааныг байгуулах болтугай хэмээсэн утга.Тарни нь бурхны мөн чанарыг агуулах бөгөөд хүний дотоод сэтгэл ялангуяа эрдэм мэдлэг, адислал, билиг оюуныг сэргээхэд голлон тусладаг юм. Бурхдын тарни нь мөн чанарын адислал ба эрдэм чадлыг шингээж хамаг амьтдын зовлонгоос гэтэлгэх хүсэл болгоныг бүтээх хүчийг агуулсан дуу авианы хэлээр илэрхийлэгддэг ажээ. Мөн тарни нь Бурхан багш юмс үзэгдлийн мөн чанарыг гүнээ бясалган тэгш агуулах үестээ айлдсан самгарди хэлний үеүдийн цогц юм.
Арвис тарнийг урихдаа сэтгэлээ тарни номдоо сайтар төвлөрүүлэн 108 тоот эрхээр хэт чанга эсвэл хэт сул бус авианы давтамжтай унших хэрэгтэй. Нууц тарнийн ёсонд дээд тэнгэр, бурхдын бясалгалын гүн ёогт нэвтрэн орохын тулд хувилгаад лам нараас авшиг аван элдэв тарнийг хэдэн зуугаар нь давтан унших нямба бүтээлд шамддаг гэдэг.Бурхдын тарнийг зөв дадуулан уншихад биеийн хийг намжаах, сэтгэлээ төвлөрүүлэх, бясалгалын тэгш агууллыг үүсгэх тэргүүтэй нарийн дэглэмтэй. Бурхны номын утгыг сэтгэлдээ анхааран авч тарнийг олон жилийн турш ёсоор нь уншваас тус эрдэм агуу гарна хэмээн судар номд айлдсан байдаг.
Түвд, Монголын дээдэс лам нар жанч халах үедээ ч бясалгалын байдалтай, биеийн хэсэг, үе мөчүүдийг нягталж үзвээс тарнийн олон үсэг товойх, лагшингийн хэмжээний өөрчлөлт сэлт бусад эгэл бусын шинж тэмдгүүд олонтаа гарсныг хуврагуудаас олонтаа сонссон.Дарь эх бурхныг урин дуудаж хүссэн хэргээ даатгахын тулд ” ཨོཾ་ཏཱ་རེ་ཏུཏྟཱ་རེ་ཏུ་རེ་སྭཱ་ཧཱ།Ум дарэ дүддарэ дүрэ суха” тарнийг уншиж залбирна. Ногоон Дарь эхийн тарнийн ( ཨོཾ )Ум үсэг нь Дарь эх бурхны лагшин, зарлиг, тааллыг төлөөлдөг бөгөөд тэдгээр эрдмийг өөртөө төрүүлэхийг дотроо эрмэлзэх хэрэгтэй. ( ཏཱ་རེ ) Дарэ ( ཏུཏྟཱ་རེ་ཏུ་རེ ) Дүддари хийгээд ( སྭཱ་ཧཱ ) Дүрэ нь гурвуул “Гэтэлгэх” гэсэн утгыг агуулдаг. Энэхүү гурван үг нь “Бодь мөрийн зэрэг” сударт бага, дунд, их хэмээх гурван төрөлхийтний мөрийг туулахад учрах саадыг арилгадаг гэсэн нэгэн тайлбар бий.
GIPHY App Key not set. Please check settings